Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхэлсэн. Улмаар өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй. Тэгвэл өнөөдөр АН-ын бүлэг дээрх хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, гишүүдийн олонхын саналаар дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.
Хэрвээ уг гэрээг баталсан тохиолдолд 20 жилийн турш Монгол Улс онгоцны түлшээ ОХУ-аас авах юм. Үүнийг зарим гишүүн Монгол Улс үндэстний бие даасан байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Цаашлаад “Чингис хаан” нисэх буудлын дэд бүтцийн асуудалд ч ОХУ оролцоно хэмээсэн нь эсэргүүцэлтэй тулаад байгаа.
Энэ нь нэг талаар УИХ-ын гишүүн асан Д.Анандбазар нарын шатахууны монополь бизнесийг задлах сайн талтай гэгдэж байгаа ч “Чингис хаан” нисэх буудал бол Монголын зүрх. Тиймээс Монголын зүрхийг гаднынханд найр тавьж өгөх гэлээ хэмээн шүүмжлэгсэд байгаа юм.
