Нийгэм
Батсүмбэр суманд орчин үеийн инженерийн шийдэлтэй шинэ бага сургууль ашиглалтад орлоо
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ “Бага сургууль” өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч A.Шагдарсүрэн тэргүүтэй төлөөллүүд болон аймаг, сум, багийн удирдлагууд оролцов.
“Энэхүү санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү багийн бага сургууль төр-хувийн хэвшил-хөгжлийн байгууллагуудын түншлэлийн тод жишээ болж байна. Бид ирэх жил илүү олон багт сургуулиуд байгуулахаар төлөвлөж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцоллоо.
“Номин Холдинг” ХХК-ны хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургууль нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дулаан, агааржуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй байгальд ээлтэйгээрээ онцлог юм.
Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулсан байна.
