Хэв маяг
Шведийн “зөөлөн охин” трэнд: Ажил амьдралаас татгалзах бүсгүйчүүдийн шинэ үзэл
Швед улс нь хүйсийн тэгш байдлыг дэмжигч орон гэдгээрээ дэлхий даяар алдаршсан. Гэвч яагаад залуу бүсгүйчүүд ажил, карьер хөөцөлдөхөөс илүүтэйгээр “ажлаа орхих” тухай сурталчилсан цахим трэндийг дагаж байна вэ?
25 настай Вилма Ларссон өмнө нь хүнсний дэлгүүр, асрамжийн газар, үйлдвэрт ажиллаж байсан нэгэн. Харин нэг жилийн өмнөөс ажил хийхээ больж, “гэрийн найз бүсгүй” болохоор шийджээ. Тэрбээр үүнээсээ болж өмнөхөөсөө илүү жаргалтай, тайван амьдарч байгаа гэжээ.
“Миний амьдрал илүү зөөлөн болсон. Би өөрийгөө зовоож амьдрахаа больсон. Нэг их стресстэхээ ч байсан.”
Түүний найз залуу санхүүгийн салбарт зайнаас ажилладаг. Харин Вилма өдрүүдийг бясалгал хийж, кофешопоор ороод, гэртээ хоол хийж өнгөрөөдөг. Хосууд Шведийн төв хэсгийн жижиг хотуудаас гаралтай ч одоо байнга аялдаг болсон бөгөөд энэ өвлийг Кипр улсад өнгөрүүлж байна.
“Тэр сар бүр өөрийн олсон мөнгөнөөс надад цалин мэт өгөх бөгөөд хэрвээ илүү хэрэгтэй бол би түүнээс асуудаг. Харин бага хэрэглэвэл үлдсэнийг нь хадгалдаг” гэж Вилма тайлбарлав.
Тэр өөрийн амьдралын хэв маягийг Instagram, YouTube, TikTok дээр хуваалцаж, 11,000 дагагчтай болжээ. Зарим бичлэг нь 400,000 орчим лайктай ч, тэрбээр контентоосоо орлого олоогүй байна. Тэр “hemmaflickvän” (гэрийн найз бүсгүй) болон “hemmafru” (гэрийн эзэгтэй) гэсэн hashtag ашиглаж, өөрийгөө “зөөлөн охин” гэж тодорхойлдог. Энэ нь ажил, карьер хөөцөлдөхийн оронд эмэгтэй хүний уламжлалт, зөөлөн амьдралын хэв маягийг сонгосон гэсэн утгатай.
“Зөөлөн охин” амьдралын хэв маяг нь 2010-аад оны сүүлээс хойш дэлхий даяар цахим орчинд бага багаар дэлгэрсэн микро трэнд юм. Гэвч сүүлийн 50 жил хоёр орлоготой өрхийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж ирсэн Швед улсад энэ трэндийн тархалт нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж, олон нийтийн дунд маргаан дагуулж байна. “Ungdomsbarometern” буюу Шведийн залуучуудын хамгийн том жил тутмын судалгаа 2023 онд энэ трэндийг анх олон нийтийн анхаарлын төвд оруулсан. Судалгаанд оролцсон 15–24 насны залуучуудын дунд “зөөлөн охин” хэв маяг 2024 оны тренд байх магадлалтай гэж нэрлэгдэж байсан.
2024 оны 8-р сард “Ungdomsbarometern”-оос гаргасан өөр нэг судалгаагаар 7–14 насны охидын 14% нь өөрийгөө “зөөлөн охин” гэж тодорхойлсон нь энэ үзэл санаа улам залуу насныханд ч нөлөөлж байгааг харуулж байна.

“Сүүлийн жилүүдэд хүчтэй эмэгтэй, бүх талаар амжилт гаргах ёстой гэсэн ‘girl boss’ идеалаас залуус татгалзаж эхэлсэн. Зөөлөн охидын трэнд бол үүний эсрэг хандлага” хэмээн тус байгууллагын судлаач Йоханна Ёранссон тайлбарлав. Гэрийн найз бүсгүй болж, ажил хаяж, найз залуугийнхаа орлогоор амьдарч буй бүсгүйчүүдийн тоо одоогоор тодорхой албан ёсны тоон баримтаар бүртгэгдээгүй ч, ийм хэв маягийг сонгож буй эмэгтэйчүүд цөөн хувь гэдэг нь ойлгомжтой байна. Гэсэн хэдий ч энэ үзэгдэл Шведэд томоохон сэдэв болоод буй. Улсын хэмжээнд нэр хүндтэй сонин хэвлэлд нийтлэл гарч, улс төрийн гол арга хэмжээ болох Almedalen-д хүртэл хэлэлцүүлэг өрнөж, олон нийтийн телевизээр ч хөндөгдөж байна.
Шведийн феминист нам “Feministiskt initiativ”-ийн үүсгэн байгуулагч, хуучин удирдагч Гудрун Шюман энэ сэдвийн эргэн тойронд өрнөж буй хэд хэдэн хэлэлцүүлэгт оролцжээ. Тэрээр эмэгтэйчүүд эрчүүдийн орлогоос хамааралтай амьдрах нь “маш аюултай” бөгөөд “хүйсийн тэгш байдлын хувьд ухралт” гэж үздэг ажээ. Шюманы хэлснээр, залуу шведүүд улс орны баруун жигүүрийн эвсэл болон үндсэрхэг үзэлтэй Шведийн Ардчилсан Намын нөлөөнд автаж байна. Мөн Европ болон АНУ-д дэлгэрч буй популист хандлагууд ч нөлөөлсөн байх магадлалтай гэжээ. “Өнөөдөр залуу эмэгтэйчүүд өнгөрсөн түүхийг мэдэхгүй байна – эмэгтэйчүүд ажлын байр, цалин, эдийн засгийн хараат бус байдлын төлөө хэрхэн тэмцэж ирснийг тэд ойлгодоггүй” хэмээн Шюман онцлов.
Харин улс төрийн эсрэг туйлд байр суурьтай Шведийн Ардчилсан Намын хувьд энэ трэндийг эерэгээр харж байна.
“Хүн өөрийн амьдралын замыг өөрөө сонгох эрхтэй. Хэрэв хэн нэгэнд гэртээ байх эдийн засгийн боломж байгаа бол сайн хэрэг” хэмээн намын залуучуудын байгууллагын үндэсний төлөөлөгч Денис Вестерберг хэлэв. “Бид карьер хөөцөлдөх бүрэн боломжтой, эрхтэй оронд амьдарч байна. Гэхдээ уламжлалт байдлаар амьдрахаар сонгох эрх ч бас бидэнд бий.”
Итгэл үнэмшлийн маргаанаас гадна, эмэгтэйчүүдийг ажил хаяхад хүргэж буй нийгмийн болон соёлын хүчин зүйлс ч анхаарлын төвд байна. Швед улс ажил ба амралтын тэнцвэрийг сайн хадгалдаг орны нэг. Ихэнх ажилтнууд зургаан долоо хоногийн амралттай, 50 цагаас дээш ажилладаг хүн 1%-иас бага байдаг. Гэсэн хэдий ч “Ungdomsbarometern”-ийн судалгаагаар залуу үеийнхэн дунд стресс нэмэгдсээр байгаа аж. Судлаач Ёранссоны хэлснээр, “зөөлөн охин” трэнд нь “quiet quitting” буюу ажлаа хэтрүүлэн хийхээс зайлсхийдэг дэлхий нийтийн хөдөлгөөнтэй холбоотой байж болох юм гэжээ.