Улс төр
ХЗБХ: Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр өргөн барьсан Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хураалт явууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургаадугаар зүйлийн хоёрдахь хэсэгт заасан асуудлаар гишүүн УИХ-аас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна” хэмээн заасныг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулаад санал хураалт явуулав. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 12 нь дэмжив. Ийнхүү энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.