Нийгэм
“Дүнжингарав”-ын дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 22-ний өдөр товложээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох 207 дугаар орон сууцны ойролцоо газ тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлт болсон ноцтой хэрэг гарч байв. Дэлбэрэлтийн улмаас долоон хүн амиа алдаж, 63 өрхийн 218 оршин суугч орох оронгүй болсон юм. 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан уг ноцтой ослын улмаас орон гэргүй болсон иргэд түрээсийн байр дамжин амьдарч, байрыг дахин засварлах боломжгүй болсон тул нураана хэмээж байсан ч эцэстээ дахин хүчитгэхээр болж, тендер зарласан юм.
Энэхүү осолд хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн. Албаныхны хэлж байгаагаар, “Дашваанжил” ХХК-ийн захирал, том оврын автомашины жолоочийг яллагдагчаар татсан. Хамгийн сонирхолтой нь том оврын автомашины хажуугаар орж ирсэн БХЯ-ны гэх бүртгэлтэй “Ниссан Патрол” автомашины жолооч одоог хүртэл сураг чимээгүй, түүнийг хэрэгт татаагүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Нэг жил гаруйн өмнө болсон уг ослын гэм буруутан хэн бэ. Энэ бүхнийг тогтоох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 22-ний өдөр товлосон байна. Уг хэргийг шүүх шүүгчид “Ногоон автобус”-ны гэх хэрэгт ажилласан тул шүүх хуралдааныг дуусахыг хүлээн нэлээдгүй хугацаа алдсан юм.