Нийгэм
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд мансуурсан үедээ бусдын биед халдаж, ноцтой гэмтээжээ
Өнгөрөгч бямба гарагт буюу долоодугаар сарын 19-ны 03:00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт т бусдын биед бүлэглэн халдсан хэрэг гарчээ. Хохирогч 25 настай залууг “Cante”, “Zu” гэх шөнийн клубийн гадна утсаар ярьж байхад нь гурван залуу шууд мөргөж унаган дэвсэж эхэлсэн байна. Хохирогчийн ар гэрийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т болон мөн нэг төрийн албан тушаалтны хүү байсан гэх. Гуравдахь этгээдийг олж тогтоохоор цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа аж.
Хохирогчийн хувьд дээрх гурван этгээдийг огт таньдаггүй байсан бөгөөд хохирогчийн биеийн байдал хүнд нэг нүд нь харахгүй, нүүр хамар цөмрөлттэй, нүүрний ясны олон хугаралтай хэмээн урьдчилсан байдлаар оношилжээ. Хохирогчийн ар гэр шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа бөгөөд тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ талаар ар гэрийнхэн “УИХ-ын гишүүн Цэрэнпунцагын хүү, Эрэл-ийн Эрдэнэбат нарын хүү нар зэрлэг балмадаар дүүг минь аймшигтаар зодсон хэрэг гарлаа. Мөн эдгээр хүмүүсийн хүүхдүүдээс хар тамхи хэрэглэсэн нь шинэжилгээгээр тогтоогдсон. Хүний хамгийн чухал нүүр, хамар,нүдийг нь хүний ёсноос гажууд балмадаар дэвсэлж, цаашид харж чадах уу дээрээ болтол нь зодож танхайрсан байна. Хэвлэлийн найз нөхөд минь та бүгд сурвалжилж энэ балмад хүмүүс юу ч болоогүй мэт хэргийг хааж зохих шийтгэлээ хүртэлгүй өнгөрөөхгүйн тулд сурвалжилж өгч тусална уу. Надад нотолгоо бичлэг байгаа. Эдгээр хүмүүст зохих шийтгэл хариуцлагыг заавал хүлээлгэх болно. Ийм увайгүй балмад хүмүүсийг яагаад ч зүгээр өнгөрөөхгүй. Мөнгө эрх мэдэлтэй хүний хүүхдүүд дураараа зүгээр зогсож буй хүүхдийг ирж зодоод явдаг болж. Хууль батлаад суудаг хүмүүсийн хүүхдүүд хуулиас гадуур өнгөрөнө гэж байхгүй шүү!!!! гэж мэдээллээ.