Улс төр
Танилц: Төрд дараах хэмнэлтийг хийснээр төсвийг тодотгоно
2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирсэн. Улмаар 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Тэр тусмаа төрийн албаны данхар бүтцийг цомхотгож, төрд хэмнэлт хийх байдлаар улсын төсвийг тодотгохоор хуулийн төслөө оруулж ирсэн. Үүнд,
- Төрийн албан хаагчдын орон тоог есөн хувиар бууруулж 261 тэрбум төгрөг,
- Энэ онд хэрэгжиж эхлээгүй, үр ашиг нь тодорхойгүй 50 гаруй хөтөлбөр, арга хэмжээг царцааж 617.3 тэрбум төгрөг,
- Төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад томилолтын зардал болон зочин төлөөлөгч хүлээн авах арга хэмжээг тэвчих замаар 4.5 тэрбум төгрөг,
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөттэй уялдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд чиг үүрэг, бүтэц шилжүүлэх, татан буулгах замаар 8.4 тэрбум төгрөг,
- Цахим шилжилтээр бичиг цаасаа багасгаж, тавилга, багаж хэрэгсэл худалдан авалгүйгээр төсвийн байгууллагуудад үйл ажиллагааны зардалд 104.4 тэрбум төгрөг,
- Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардлыг бууруулж, 76.8 тэрбум төгрөг,
- Төрийн үйлчилгээний үнэ нэмэхийг 2025 он дуустал хориглосон тул халаалтын үнийг өсгөх зардлыг бүрэн цуцалж, 21.9 тэрбум,
- Тээвэр, шатахуун, хичээл сургалтын зардлыг бууруулж 28.9 тэрбум төгрөг,
- Халаалтын тариф болон төрийн үйлчилгээний хураамжийг 2025 онд нэмэхгүй байхаар шийдвэрлэснээр 121.9 тэрбум төгрөг тус тус хэмнэхээр төсвийн тодотголд оруулж ирсэн.