Бизнес
Японы Никкэй индекс 8%-иар, Ази-Номхон далайн зах зээлүүд өсөлттэй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх улсад (Хятадаас бусад) ногдуулах гаалийн татварыг 90 хоногоор хойшлуулснаа зарласны дараа Уолл Стрит дээр 2008 оноос хойших хамгийн том худалдан авалт болж, Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээлүүд пүрэв гарагт ихэнхдээ өссөн үзүүлэлттэй байлаа.
Бүс нутгийн өсөлтийг Японы зах зээл тэргүүлсэн бөгөөд Никкэй 225 индекс 8.35%-иар, өргөн хүрээтэй Топикс индекс 7.59%-иар өсчээ.
Өмнөд Солонгосын Коспи индекс 5.38%-иар, жижиг хувьцааны Косдак индекс 5.09%-иар өссөн байна.
Австралийн S&P/ASX 200 индекс 4.67%-иар өсжээ.

АНУ Хятадаас оруулж ирж буй импортын бараанд ногдуулах гаалийн татварыг 125%-д хүргэж өсгөсний дараа Бээжин хариуд нь АНУ-ын бараанд 84%-ийн татвар ногдуулах төлөвлөгөө танилцуулсан. Үүний улмаас Хятадын хувьцаануудын хөдөлгөөнийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна.
Эх газрын Хятадын CSI 300 индекс 1%-иар, Хонконгийн Ханг Сенг индекс 1.92%-иар өссөн байна.
Харин Энэтхэгийн зах зээл бүс нутгийн хэмжээнд ганцаараа сөрөг үзүүлэлттэй байв. Голлох Nifty 50 индекс арилжааны эхэнд 0.61%-иар, өргөн хүрээтэй BSE Sensex индекс 0.51%-иар буурчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп зарим худалдааны түншүүдэд ногдуулах гаалийн татварыг 90 хоногоор хойшлуулна гэж амласны дараа Уолл Стрит дээр их хэмжээний өсөлт гарсантай холбоотойгоор АНУ-ын фьючерс индексүүд өсчээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээлд С&P 500 индекс 9.52%-иар өсч, 5,456.90 нэгж дээр хаагдсан нь 2008 оноос хойших хамгийн том нэг өдрийн өсөлт байлаа. Мөн энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших гурав дахь хамгийн өндөр өсөлт болж бүртгэгджээ.
Үүний зэрэгцээ, Dow Jones Industrial Average индекс 2,962.86 нэгжээр буюу 7.87%-иар өсч, 40,608.45 дээр хаагдсан нь 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт байв. Nasdaq Composite индекс 12.16%-иар өсч, 17,124.97 дээр хаагдсан нь 2001 оны нэгдүгээр сараас хойших хамгийн том өсөлт бөгөөд нийт хугацааны хоёрдугаар байранд орж байна.