Нэгдсэн Үндэстний Байгууллага арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болгон албан ёсоор тэмдэглэхээр боллоо. Энэхүү шийдвэр нь түрэг хэлтэн ард түмний хэл шинжлэл, соёлын өвийг онцлон таниулахын зэрэгцээ ЮНЕСКО-гийн олон хэл, соёлын олон янз байдлыг хүндэтгэх амлалтыг бататгаж буй хэрэг юм.
Тус өдрийг сонгосон нь хэл шинжлэлийн түүхэн чухал үйл явдалтай холбоотой бөгөөд 1893 оны арванхоёрдугаар сарын 15-нд Данийн хэл шинжлэлийн эрдэмтэн Вилхельм Томсен түрэг хэлний бүлгийн хамгийн эртний бичмэл дурсгалуудын нэг болох Орхоны бичээсний цагаан толгойг тайлснаа зарласантай холбоотой бөгөөд энэхүү нээлт нь Евразийн өргөн уудам бүс нутагт тархсан түрэг угсаатнуудын түүх, соёл, хэлний уялдаа холбоог шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлах боломжийг нээсэнд тооцогддог.
Өнөөдөр түрэг хэлний бүлэгт багтдаг азербайжан, казах, киргиз, турк, туркмен, узбек зэрэг хэл нь 200 сая гаруй хүний төрөлх хэл бөгөөд ойролцоогоор 12 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт тархан хэрэглэгдэж байна. ЮНЕСКО эдгээр хэлийг баялаг бичгийн өв, аман уламжлалтай, олон улс оронд соёлын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болдгоор нь онцолжээ.
Түрэг хэлний бүлгийн өдрийг тунхаглах санаачилга нь Азербайжан, Казахстан, Киргиз, Турк, Узбекистан улсуудын хамтарсан хүсэлтийн үндсэн дээр хэрэгжиж, нийт 21 гишүүн улс дэмжсэн байна. Энэ нь хэл шинжлэлийн олон янз байдлын үнэ цэнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч буйг илтгэж байна.
ЮНЕСКО-гийн мэдээлснээр, энэхүү өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71/328 дугаар тогтоолд тусгагдсан олон хэлний бодлоготой нийцэх бөгөөд жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-нд түрэг хэл, аман уламжлалыг хамгаалах, судлах, сурталчлах мэдлэг олгох хөтөлбөр, эрдэм шинжилгээний арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах юм.
Сэтгүүлч Х.Бямбадалай