Улс төр

Засгийн газар “5Ш” ажиллагаагаа үл хайхарч, авлигачдад “бууж өглөө”

Published

on

Засгийн газраас “5Ш” буюу Шүүр, шүгэл, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагааг сүр дуулиантай зарлаж, эхлүүлсэн. Шувуу ажиллагаагаар гаднын улсад оргон зайлсан этгээдүүдийг ₮Шувуу” ажиллагаагаар эрчимтэй авчирч байснаа сүүлийн үед зогслоо. Хамгийн сүүлд гэхэд л авлигын загалмайлсан эцэг гэгдэх Д.Бадамжунайг баривчлан авчирсан ч өнөөдрийг хүртэл хэргийг нь эцэслэн шийдээгүй, тодорхойгүй шалтгаанаар гацаасаар байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг, Тавантолгой Төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын  нөхөд Монголын улс төрийг ажигласан шигээ харийн нутагт тааваараа жаргасаар…

“Шүгэл” ажиллагаа ч  нэр төдий ажил болсон. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, нийгэмд бугшсан авлига, албан тушаалын асуудлаар шүгэл үлээж, хариуцлагыг чангатгах тухай хөндсөн. Гэвч тухайн үеийн сайд Х.Булгантуяа шүгэл ажиллагааг эхлүүлэн шүгэл үлээсэн ч харамсалтай нь гацаад олигтой дуугараагүй. Тэр дагуу “шүгэл” ажиллагаа анхнаасаа л бүтэл муутай эхэлж, өнөөдрийг хүртэл нам гүм байна.

“Шил” ажиллагаа төрийн байгууллагаад бүхий л үйл ажиллагаагаа шилэн болгож, ард олонд нээлттэй байхаар болсон. Харамсалтай нь энэ ажиллагаа ч “шилэн”-ээсээ далд нууц байдалд шилжсэн гэж болно.  “Шүүр” ажиллагаагаар төрийн албан дахь авлигачдыг шүүрдэн зайлуулах талаар хөндсөн. Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгэдүүдийг илрүүлж, шүүр ажиллагаагаар албан тушаалаас нь шүүрдэн зайлуулах энэ ажиллагаа ор нэр төдий болсон гэхэд хилсдэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд нь нүдэн дээр хөрөнгөжиж буй ч шүүрдүүлсэн хүн нэгээхэн ч үгүй.

Энэ мэт Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагаа өнөөдөр зогсонги байдалд орж, нэр төдий ажил болон үлдлээ. Өдгөө 14 мега төсөл гэхчлэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд Засгийн газар анхаарч, авлигатай, авлигачидтай тэмцэх гол ажлаа хөсөрдүүлээд байна. Засгийн газар нэг ажлынхаа үр дүнг үзэлгүй, дараагийн  ажилдаа ханцуй шамлан ордог  болсон. Үүнээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай, авлигачидтай тэмцэх ажилдаа “бууж өгсөн” гэж хэлж болохоор байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version