Спорт
🏀 ЛеБрон Жэймс: Ирээдүйнхээ талаар гэр бүл, өөртэйгөө ярилцана
Лос Анжелес, Калифорниа — Лос Анжелес Лэйкэрсийн супер од ЛеБрон Жэймс плейоффын дараах хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн “цаашид хэр удаан тоглох вэ?” гэсэн асуултад тун болгоомжтой, бодлогошруулсан хариу өглөө.
🗣 “Өөрийн чинь асуултад хариулж чадахгүй нь. Хэр удаан энэ тоглоомыг тоглох эсэхээ эхнэр, гэр бүл, ойр дотныхонтойгоо болон өөртэйгөө сууж ярилцах болно. Харцгаая даа…” хэмээн тэр хэлэв.
42 настай домогт тоглогч маань энэ зун “Player Option” эрхээ ашиглан гэрээгээ сунгах эсэх, багтаа хэрхэн хувь нэмэр оруулах тухай олон чухал шийдвэрийн өмнө ирээд байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэр цалингаа бууруулж, илүү сайн тоглогчдыг татах орон зайг багтаа гаргах ч боломжтой гэж үзэж байна.
🗣 “Юу ч болсон ЖЖ. Редик улам цаашид хөгжих болно. Түүний рүүкий улирал маш сайн байлаа. Үнэндээ Лэйкэрс гэсэн багийг эхний жилдээ дасгалжуулах гэдэг бол бусад ажлуудаас тэс өөр сорилт. Би түүнийг гайхалтай авч явсан гэж бодож байна. Өдөр бүр хөгжиж, биднээс хариуцлага, шаардлага байнга тавьж байсан. ЖЖ болон түүний дасгалжуулагчдын баг бүхэлдээ сайн ажилласан,” хэмээн ЛеБрон шинэ дасгалжуулагч ЖЖ. Редикийг өндрөөр үнэллээ.
Өөрийн рүүкий улиралдаа Лэйкэрсийг удирдсан Редик ч тун ирээдүйтэй дасгалжуулагч болохоо харуулсан. Тэрээр тоглогчдын итгэлийг олж, тоглолт бүрд тактикийн хувьд ухаалаг шийдлүүд гарган, Лэйкэрсийн тоглолтын өнгө төрхийг мэдэгдэхүйц өөрчилж чадсан нь олон шинжээчдийн анхаарлыг татаж байна.
Нэг зүйл тодорхой: Лэйкэрсийн хувьд энэ зун зөвхөн ЛеБроны шийдвэр гэлтгүй, багийн ирээдүйн бүтцийг тодорхойлох олон том алхамуудыг хийх шаардлагатай байх нь. Харин Редик, багийн залуу бүрэлдэхүүн, туршлагатай тоглогчид хамтдаа илүү их зүйл сурсан, ирэх улиралд улам хүчирхэг эргэн ирэх нь тодорхой биз ээ.