Улс төр
Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно
“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д нэмэлт оруулж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгохоор боллоо.
“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан.
Төрийн албан хаагч дээрх хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадаагүй нас барсан тохиолдолд тусламжийг түүний ар гэрт олгох асуудал зохицуулалтгүй байжээ.
Төрийн албан хаагч нас барсан бол түүнд олгох байсан нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний хууль ёсны өвлөгч Иргэний хуульд зааснаар өвлөх эрхтэй байна. Иймд хуульд заасан шаардлага, хугацааг бүрэн хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нас барсан бол түүний хууль ёсны өвлөгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болно
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Япон Улсын Токио хотноо энэ сарын 24-28-нд болно. Уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа. Уулзалтад хоёр талын төрийн байгууллага, MYXAYT, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон, Монголын Эдийн засгийн хороо, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.
Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, зорилт, төрийн бодлого, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой болгоход чиглэсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн талаар мэдээлэл өгч, тэргүүлэх салбарын бүтээн байгуулалтын томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын боломжууд, санхүүгийн орчны шинэчлэлийн хамтын ажиллагааны чиглэлд сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Товч мэдээ
· Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Учо хотод зохион байгуулагдсан Олон улсын циркчдийн уралдаанд гуравдугаар байрт шалгарсан “Монгол циркус энтертаймэнт” төвийн уран бүтээлчдэд 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Шагналыг 2025 оны батлагдсан төсвөөс гаргана.
· “Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ёс суртахуун, хариуцлагын боловсролыг дээшлүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг хэлэлцэж, Хүчирхийллийн эсрэгүндэсний хорооны ажлын албанд хүргүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт, “Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх 2026 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө” боловсруулж, батлуулахыг Хүчирхийллийн эсрэг үндэсний хороонд тус тус даалгалаа.
· Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Барилгын цэргийг удирдах ерөнхий газрын дарга, хошууч генерал Дамбын Бавуу агсны нэрэмжит, Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрынхарьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг төр, цэргийн нэрт зүтгэлтэн Монголын Ардын Армийн Улс төрийн газрын орлогч дарга бөгөөд Барилгын цэргийн Улс төрийн хэлтсийн дарга, хошууч генерал Чимэдийн Данзан агсны нэрэмжит болголоо.
Улс төр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 12-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, гишүүдийн 65 хувийн саналаар дэмжлээ.
Хуулийн төслийг санаачлагч Ж.Алдаржавхлан гишүүн Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж буй хайрга, дайргыг Туул голын сав газраас их хэмжээгээр олборлож байгаа нь байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолсон юм.
Төслийн хүрээнд:
- Усны сан бүхий газар болон түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх,
- Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах,
- Иргэд гомдол, мэдээлэл гаргасны дагуу нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах
зэрэг өөрчлөлтийг тусгажээ.
Ингэснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэхийг хууль санаачлагчид онцолсон бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.
Сэтгүүлч Х.Бямбадалай
Улс төр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.
Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ”-ыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Улс төр
Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ дээрхи төслийн зорилго, шинэчлэлтийн чиглэл, хиймэл оюун ухааны ашиглалт зэрэг олон чухал сэдвийг чухалчиллаа. Тэрбээр төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхэд технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахыг онцгойлон тэмдэглэж, эдийн засаг, хууль эрх зүйн байдалд хиймэл оюуныг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн бөгөөд цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахын тулд хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, зөрчилдөөнийг илрүүлэн, зохих засварыг хийхээр бэлтгэсэнийг хэллээ. Түүнчлэн, govstack шийдэл нь төрийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, бодит үр дүнд хүрэхэд онцгой ач холбогдолтой болохыг онцолжээ.
Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, технологийн дэвшлийг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зорилготой бөгөөд шинэ санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй ажээ.
Сэтгүүлч Х.Бямбадалай
-
Нийгэм7 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм7 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
