Анхан шатны шүүхээс Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан. Улмаар Эрдэнэбатын Тэмүүлэнг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 00 минутад дуусч байгаа юм. Нэг үгээр тэднийг саатуулах 48 цагийн хугацаа өнөө орой дуусах юм. Тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Мөн уг хэрэгт Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нараас гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тус иргэний нэг нь “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан юм. Гэвч тэрбээр энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарч явсан байна. Ингэхдээ “Найз охины бие муу байгаа тул оччихоод энэ сарын 27-нд буцаж ирнэ” хэмээгээд явсан байна.
