Connect with us

Эдийн засаг

Төвбанкны алдагдал 7.5 их наядад хүрсэн шалтгаан

Published

on

Төв банкны алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн тухай тус банкны аудитын тайланд дурджээ. Энэ алдагдлыг задалбал:

  • Ипотекийн зээлийн 4.5 их наяд төгрөгийн үлдэгдэл
  • БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдэл 6 тэрбум юан
  • Урт хугацаатай своп дийлэнхийг эзэлжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төвбанкны алдагдлыг Засгийн газар төлнө гэж хуульд заасан. Гэхдээ хэзээ ч ийм зүйл болж байгаагүй. 2011 онд Төвбанк ашигтай ажилласан жилдээ ашгаасаа Засгийн газар руу шилжүүлсэн юм. Үүнээс хойших алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрлээ.

Манай улсын эдийн засаг тэлж байгаа тул алдагдал мөн өссөн. Арван жилийн өмнө банкуудын нийт актив 20 их наяд төгрөг байсан бол одоо 80 их наяд, ДНБ 95 их наяд төгрөг болов.

Энэ жилийн Төв банкны үнэт цаасны хүү нийт 800-900 тэрбум төгрөг болно. Энэ нь илүүдэл эх үүсвэрийг зах зээлээс татаж байгаа дүн юм.

skip-share

Удаан хугацаанд алдагдалтай ажиллавал Төв банкны бие даасан, хараат бус байдал, мөнгөний бодлогын үр нөлөөнд сөргөөр нөлөөлж, өөрийн гол үүргийн нэг болох инфляцыг нам түвшинд барих чадвараа алддаг.

Гадаад валютын нөөц хасах руу орсон жилүүд бий. Төгрөгийн ханш сулрах бүрд, бодлогын хүүний зардал өсөхөд алдагдал өсдөг. Ер нь Төв банкны ашиг алдагдлыг яаж хэмжихээ тодорхой болгох шаардлагатай. Бодлогын болон үйл ажиллагааны зардлыг салгаж үзэх үү? Ашигтай ажиллавал улсын төсөв рүү ямар хэмжээгээр оруулах вэ?

Алдагдал үүсвэл Засгийн газар ямар хэмжээгээр хаах вэ? Хаах, нийлүүлэх хугацаагаа нэг жилээр тогтох уу? Түүнээс урт байх уу гэдгийг тодорхой болгон, энэ тогтолцоог ажиллуулдаг болох шаардлагатай.

ОУВС ч биднээс үүнийг шаарддаг. Мөнгөний бодлого нь төсвийн бодлоготой ижилхэн л төрийн бодлого юм. Иймд мөнгөний бодлогын зардал төрийн зардалд багтах нь зөв. Гэхдээ энэ нөхцөлд Засгийн газар төв банкны зардлыг гаргалаа гээд бүх үйл ажиллагаанд оролцох эрсдэл бий. Энэ нь Төв банкны хараат бус байдалтай холбогдоно. Иймд Монголбанк алдагдлаа өөрөө хүлээн, баланстаа бичээд явах нь зөв” гэв.

ТӨВ БАНК/МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ хууль, 381дүгээр зүйл. Монголбанкны алдагдлыг нөхөх

1.Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ. /Энэ зүйлийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

МОНГОЛБАНК 2016-2019 ОНД 3.0 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДЛАА БУУРУУЛСАН 

2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, энэ хэмжээгээр хуримтлагдсан алдагдлыг бууруулсан. 2018 оны эцсийн байдлаар мөн тодорхой хэмжээний ашигтай гарсан. 2012-2016 онд хуримтлагдсан алдагдал 3,0 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь богино хугацаанд нөхөж баршгүй өндөр алдагдал хэдий ч Монголбанк энэ алдагдлыг бууруулах чиглэлд анхаарчээ.

2018 онд Эрдэнэсийн сан болон үл хөдлөх хөрөнгөд хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тайлан тэнцэлд тусгасны үр дүнд Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулжээ.

2018 онд хэрэгжүүлсэн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны үр дүнд худалдан авсан алтны хэмжээ 22 тоннд хүрч, гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 3.5 тэрбум ам.доллар болж өссөн аж.

МОНГОЛБАНКНЫ АШИГ АЛДАГДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?   

Монголбанкны ашиг, алдагдал нь үйл ажиллагааны болон хөрөнгийн ашиг алдагдлаас бүрддэг. Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй үед үйл ажиллагааны орлогын дийлэнх хувийг гадаад валютын улсын нөөцийн өгөөж, өөрөөр хэлбэл, гадаадын банканд байршуулсан хадгаламжийн хүүгийн орлого, гадаадын Засгийн газар болон нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудын гаргасан үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлдэг.

Харин зардлын дийлэнх хувийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал эзэлдэг байна. Түүнээс гадна арилжааны банк, санхүүгийн байгууллагад Монголбанкнаас олгосон зээлийн хүүгээс тодорхой хэмжээний орлого олдог.

Монголбанкны 2017 оны санхүүгийн тайланд хүүгийн орлогын

  • 32 хувийг санхүүгийн хөрөнгө оруулалтаас,
  • 27 хувийг дотоодын байгууллагуудад гаргасан үнэт цааснаас,
  • 14 хувийг банкуудад олгосон зээлээс,
  • 13 хувийг Засгийн газрын үнэт цааснаас тус тус олжээ.

Хүүгийн зардлын 50 хувийг гадаад өр төлбөрийн хүү буюу Хятадын ардын банкнаас авсан своп зээлийн хүү, 36 хувийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, 13 хувийг заавал байлгах нөөцийн шаардлагыг хангасан банкуудад олгосон урамшууллын зардал эзэлжээ.

Хөрөнгийн ашиг, алдагдал нь гадаад валютаар илэрхийлэгдэх хөрөнгө, өр төлбөрийн ханшийн тэгшитгэлийн зөрүүгээс үүсдэг. Гадаад валютаар илэрхийлэгдэх хөрөнгө, өр төлбөрийн харьцаа зөрүүтэй байх үед төгрөгийн ханш чангарах, эсвэл сулрахаас хамаарч ашиг, алдагдал үүсэж байдаг.

Монголбанкны тэнцлийн пассив буюу өр төлбөр талд Хятадын ардын банкнаас авсан своп зээл бүртгэлтэй. Төгрөгийн юаньтай харьцах ханш сулрахад ханшийн тэгшитгэлийн алдагдал нэмэгдэж, ханш чангарахад алдагдал буурна гэсэн үг юм. Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах.

Алдагдал ямар сөрөг үр дагавартай вэ?

Удаан хугацаанд алдагдалтай ажиллах нь төв банкны бие даасан, хараат бус байдал болон мөнгөний бодлогын үр нөлөөнд сөргөөр нөлөөлж, өөрийн гол үүргийн нэг болох инфляцыг нам түвшинд барих чадвараа алддаг. Ингэснээр төв банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.

МОНГОЛБАНК ХЭЗЭЭНЭЭС АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАВ, ҮҮНИЙ ШАЛТГААН ЮУ ВЭ? 

2012 оноос алдагдалтай ажиллажээ. Энэ нь Монголбанк уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, гадаад валютын орох урсгал татарсан үед Монголбанкнаас төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, өндөр зардалтай төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан.

Төгрөгийн нийлүүлэлт нэмэгдсэнээс гадаад валютын нөөцийн хүрэлцээ алдагдсан. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг хангаж чадаагүй. Гадаад валютын зах зээлд хэт их оролцож, тогтмол өндөр дүнгээр интервенц хийснээр ханшийг тогтвортой барихыг зорьсон ч төгрөгийн ханш суларч, гадаад валютын нөөц шавхагдаж, гадаад валютаар илэрхийлэгдэх өр төлбөр нь хөрөнгийнхөө хэмжээнээс давсан үед төгрөгийн ханш суларсан нь төв банк ханшаас алдагдал хүлээх суурь шалтгаан болсон.

Урсгал дансны алдагдлыг гадаад зээл, бондоор санхүүжүүлж, дотоодын арилжааны банкуудтай зах зээлийн хүүгийн түвшнөөс хэт доогуур ханшаар урт хугацаат своп хэлцэл байгуулсан. Энэ нь алдагдлын бас нэг шалтгаан болжээ. Мөн  арилжааны банкууд болон аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн хүүгээс хэт доогуур хүүтэй зээл олгосон нь зээлийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдлыг бий болгосон.

Монголбанк аж ахуйн нэгж, арилжааны банкуудын ханшийн эрсдэлийг өөртөө хүлээх хэлцэл байгуулж, хүүний татаас хэлбэрийн зах зээлийн бус аргыг их хэрэглэсэн нь Монголбанкны өөрийн хөрөнгийг сөрөг утгатай болоход нөлөөлсөн.

Дээр дурдсан уламжлалт бус бодлогоос үүдэн Монголбанкны 2016 оны алдагдлын

  • 22 хувийг санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал,
  • 16 хувийг гадаад валютын ханшийн тэгшитгэлийн алдагдал,
  • 15 хувийг зах зээлийн хүүгээс доогуур хүүгээр олгосон зээлийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдал,
  • 15 хувийг Хятадын ардын банкнаас авсан зээлийн хүүгийн зардал эзэлжээ.

АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БИЙ ЮУ? 

Олон улсын туршлагаас харахад Бразил, чех, Унгар, Солонгос Тайланд зэрэг улсын төв банкууд ямар нэг хэмжээгээр алдагдалтай ажиллаж байсан. Алдагдлыг арилгасан нийтлэг арга хэмжээнүүд нь тухайн улсын засгийн газар үнэт цаас гаргах замаар алдагдлыг санхүүжүүлэх, эсвэл төв банк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээ зогсоож, өөрөө алдагдлаа хариуцан арилгажээ.

ОУвС-ийн зүгээс аливаа төв банк алдагдалтай ажилласан тохиолдолд алдагдлыг улсын төсвөөс бэлэн мөнгө олгох эсвэл Засгийн газрын бонд гаргах замаар алдагдлыг санхүүжүүлэхийг зөвлөдөг. Гэвч төсвийн алдагдал өндөр, Засгийн газрын өрийн тогтвортой байдал эрсдэлтэй үед Засгийн газар өндөр дүнгээр үнэт цаас гаргах боломж хомс.

Монголбанк хуримтлагдсан алдагдлыг бууруулах чиглэлээр төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, своп, форвард хэлцлүүдийг алдагдал хүлээх хэлбэрээр байгуулдаг байдлыг зогсоосны үр дүнд 2017 оноос ашигтай ажиллаж эхэлжээ.

ШИЙДЭЛ  

  • Монголбанк нь мөнгөний бодлогоос гадуур үүрэг хүлээхгүй буюу төв банкны чиг үүрэгт тусаагүй, төсвийн шинжтэй бодлогын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхгүй байх,
  • Зах зээлийн ханшаас хэт зөрүүтэй өртгөөр үүсмэл хэрэгсэл байгуулахгүй байх,
  • Хүүний татаасын зардал гаргахгүй байх,
  • Засгийн газрын бондыг нээлттэй захын үйл ажиллагаанд ашиглах,
  • Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх,
  • Гадаад өр төлбөрийг үе шаттайгаар барагдуулах,
  • Алт тушаалтыг нэмэгдүүлэх,
  • Валютын захын оролцоог бууруулж, зах зээлийн зарчмаар ажиллах,
  • Банк хоорондын захын хөгжлийг дэмжих замаар Монголбанкны хуримтлагдсан алдагдлын сөрөг нөлөөг тогтвортой бууруулах боломжтой.

Монголбанкны ашиг, алдагдалд тухайн үеийн гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан түүний явуулах мөнгөний бодлого ихээхэн нөлөөтэй тул Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг нөхөх тодорхой хугацааг товлох нь учир дутагдалтай гэж тус банкны Тайлан бүртгэлийн газрын захирал Ц.Гарьд тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эдийн засаг

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Published

on

Улаанбаатар хотод 2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн байна. Барааны нэр төрлөөр авч үзвэл хонины ястай мах 0.8%, үхрийн ястай мах 1.4%, сонгино 1.5% тус тус нэмэгдсэн бол нэгдүгээр зэргийн гурил, атар талх, элсэн чихэр, АИ92 бензиний үнэд өөрчлөлт ороогүй байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Published

on

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг байгуулж буй. Тус ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар чөлөөлөөд байгаа юм. Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлжээ. Газар чөлөөлөлт үргэлжилж байна.

Газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах үүргийн дагуу нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулсан. Үүнээс 2026 онд 341 төсөл, арга хэмжээний 26982 нэгж талбарын 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо

Published

on

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд тус сургуулийн “Хүндэт доктор” цол тэмдэг гардуулахаар шийдвэрлэж, сарын 12-ны өдөр гардуулан өглөө.

Хүндэт доктор цол тэмдгийг гардуулах ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, холбогдох удирдлагууд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд болон эрдэмтэн докторууд оролцлоо.

МУИС-ийн Эдийн засгийн факультет 1942 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1991 оноос Эдийн засгийн сургууль, 1997 оноос Бизнесийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь тус сургуулийг 1989 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Бизнесийн сургууль байгуулагдсанаас хойших анхны төгсөгчдийн нэг, 1991 оноос хойших хугацаанд тус сургуулийн 3 дахь “Хүндэт доктор” болж байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!