Улс төр
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд
УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн ордод хамааруулан тогтоосон. 2015 онд нэг ордыг стратегийн ордод нэмж хамааруулсан.Харин хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод хамааруулах эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлэж байхыг Засгийн газарт даалгасан.
2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Улмаар 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг батлан гаргасан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монголын төр, ард түмэн тус сангаар дамжуулж үр өгөөжөө өгөх ёстой баялгаа хаана байгааг “хайж” эхэлцгээсэн. Одоогоор стратегийн 16 ордын долоо нь Үндэсний баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч аж ахуйн нэгжийн мэдэлд, үлдэх ес нь “бусад” эзэмшилд байна. Дээрээс нь, 2007 оны 27 дугаар тогтоолын хоёр дахь хавсралтад дурдагдсан 39 ордын асуудал ч хөндөгдлөө.
Жишээ нь, тэдгээрийн нэг болох Төгрөг нуурын ордыг гадагш худалдаж, Үндэсний баялгийн санд үр өгөөжөө өгөх эсэх нь тодорхойгүй болсон. Орд зарсан гэх асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга холбогдсон.
Энэ талаар Төгрөг нуурын сүүлийн үед Засгийн газрын гишүүд, улстөрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ярьж, бичицгээж байна. Ингэхдээ “Мэдлэг боловсролтой шинэ үеийн шилдэг санхүүч, хуульч, шинжээч нар ажиллаж, нуун далдалсан схем байсан олж илрүүлж чадаж байна” хэмээн мэдээлж байгаа юм. Тэгвэл Өдөр тутмын сонины “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид Төгрөг нуурын ордтой холбоотой өнөөдөр яригдаад байгаа баримт сэлтүүдийг 2020 онд цувралаар хүргэж байжээ. Тэгэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэр үеийн мэдээлэл өнөөдөр “шинэ” шуугиан болон тарж байна. Тиймээс Төгрөг нуурын ордтой холбоотойгоор одоогоос таван жилийн өмнө нийтэлж байснаа хүргэе.
…Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна.
Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдолтой ордуудын хоёрдугаар жагсаалтад оруулан УИХ-аас баталсан. Уг орд Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн ордуудтай адил үр шимээ ард түмэнд өгөх ёстой байлаа. Говь Алтай, Завхан, Дундговьд байдаг алт, зэс, нүүрсний орд бүхий нийт 75 мянган га газрыг хамарсан 11 лицензийг Төгрөг нуурын ордтой хамт зарсан. Энэ бүх баримт нь одоо ч гэсэн Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллийн санд байсаар л байдаг. Хэн ч хайгаад олоод гаргаад ирж болно. “Минг Хинг Уотерворкс Холдингс” оффшор компани нь “Монголия Инвестмент Групп” /”Mongolia Investment Group”/ болгон нэрээ сольж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалж байснаа 2013 оны есдүгээр сард зогсоосон. Үүнээс хойш уг компанийн тухай мэдээлэл тодорхой бус байгаа боловч “Монголия Инвестмент Групп” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох БНХАУ-ын байлдааны нисэх онгоц үйлдвэрлэгч, төрийн өмчит “АВИК” \AVIC\ компани байсан мэдээ мөн л Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллийн санд байна. Уг 11 лицензийг хэн бүрэн мэдэлдээ авсан нь одоо л тодорхой болж байна.
Энэ мэдээг Хонконгийн хөрөнгийн биржийн энэ хуудас ороод албан ёсоор үзэж болно.
Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамарсан байна. “Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр байсан 90 хувийг 2007 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны дөрөвдүгээр сарын 4-нд төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг. Энэ бүх мэдээ Монгол Улсын бүртгэлийн санд байж л байдаг. Бас олон нийтэд хэдийнэ ил болсон мэдээлэл юм. Харин нэг нууцлаг зүйл гэвэл тун удалгүй “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг. Тэрний дээр нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт \Well Delight BVI\, бас түүний дээр нь Бэст Стэйт \Best State BVI\, Сино аксес \Sino Access BVI\ гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг. Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охин Хуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонгконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой. Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр нь алга болсон байдаг. 90 хувиа Х.Баттулга зүгээр л энэ хүмүүст тараагаад өгөөгүй нь ойлгомжтой. Дараа нь Брейв лайон \Brave Lion BVI\ гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг. Ийм олон толгой компанийг оффшор бүсэд үүсгэн байгуулж, таван ч шат дамжин давхар давхар эзэмшүүлэх нь ямар зорилготой байсан бэ. Туршлагаас харахад ийм тохиолдолд зорилго нь нэг л байдаг. Төгрөг нуурын ордыг таван шат оффшороор дамжин байж, нэрээ нуун байж 250 сая ам. доллараар зарсан ч гэсэн эцсийн эцэст одоо л бүх юм тодорхой болж байна.
Хятад эзэнтэй оффшор бүсэд бүртгэлтэй Хонгконгийн хөрөнгийн биржийн Мин Шин компанид зарагдсан оффшор бүсэд бүртгэлтэй “Камекс Пи-Ти-И” компани нь бидний илрүүлсэн “Женко Холдинг Пи-Ти-И” компаниас байр түрээслэж нэг дор үйл ажиллагаагаа явуулж байсан нь хөрөнгийн биржийн материалд ил байна. Эндээс 250 сая ам.долларын сураг атгагдаж болох л юм.
…Ерөнхийлөгч Х.Баттулгын 2007-2008 онд үүсгэн байгуулсан “Камекс” компанийн охин компани болох “Төгрөг нуур энержи” ХХК нь Улаанбаатар хотын “Цэвэр агаар сан”-гаас 1.0 сая гаруй ам.долларын татаас авч “утаагүй түлш” үйлдвэрлэхээр болсон. 2008 оны аравдугаар сард үйлдвэрийнхээ нээлтийг хийж, Х.Баттулга өөрөө очиж тууз хаачилсан зураг нь одоо хүртэл интернэт орчинд бий. Энэ үйлдвэр 1.0 сая ам.доллар буюу 2.9 орчим тэрбум төгрөгийн татаас улсаас авсан ч нэг шуудай сайжруулсан түлш үйлдвэрлээгүй. http://deppsu.blogspot.com/2008/10/blog-post_21.html Сүүлдээ Төгрөг нуурын орд нь хятадуудад 250 сая ам.доллараар зарагдахад Х.Баттулгын үүсгэн байгуулж, 90 хувийг нь эзэмшиж байсан “Камекс” ХХК компанийн хуульчид нь “Засгийн газар нь “Төгрөг нуур энержи” компанийг үйл ажиллагааны зорилтоо биелүүлсэнгүй гээд хариуцлагад татах магадлал нь маш бага” гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг нь Хонконгийн хөрөнгийн биржийн сайт дээр одоо хүртэл байна. Тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Хонгконгийн хөрөнгийн биржийн энэ линкээр ороод энэ мэдээллийг үзэж болно. 270 хуудаст энэ талаар бүр тодорхой бичсэн байдаг. Бүр 1.0 сая ам.доллар дээр нь нэмээд дахиж мөнгө улсаас өгөх болсон тухай бичсэн байгаа юм.
https://www1.hkexnews.hk/listedco/listconews/sehk/2010/0511/ltn20100511525.pdf
Х.Баттулгын үүсгэн байгуулсан “Камекс” ХХК компанийн охин компани “Төгрөг нуур энержи”-д байсан Төгрөг нуурын нүүрсний ордыг болон хэд хэдэн ордыг Хятад эзэнтэй Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Минг Хинг Уотеруоркс Холдингс Лимитед” компанид 250 сая ам.доллараар зарсан түүх хэдэн жилийн өмнөөс олонд ил болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн Т.Лхагвадорж 2011 оны есдүгээр сард Тайландын “Банпү Групп”-д Монгол Улсын Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймагт байдаг. Цант уул, Үнст худаг зэрэг нүүрсний орд газрыг нийт 443 сая ам.доллараар худалдсан. Энэ мэдээг энэ линкээр орж уншиж болно.
https://www.nationthailand.com/business/30165112
“Банпү Групп”-д зарсан эдгээр ордын лиценз дээрээ тун удалгүй маргаан үүсгэсэн. Тэгээд нөгөө Тайландын компани мөнгө ч үгүй, лиценз ч үгүй болж, одоог хүртэл Тайландын төрийнхөн энэ асуудлыг байнга хөндөж ярьдаг. Өнөөдөр Т.Лхагвадорж нь Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаал хашдаг. Үүнээс гадна “Корес” компанийг “Камекс” ХХК-ийн дор байгуулж, солонгосчуудтай лицензийн наймаа хийсэн байдаг. Энэ бол хамгийн наад захын олны нүдэнд ил байгаа жишээ юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улс төр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 12-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, гишүүдийн 65 хувийн саналаар дэмжлээ.
Хуулийн төслийг санаачлагч Ж.Алдаржавхлан гишүүн Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж буй хайрга, дайргыг Туул голын сав газраас их хэмжээгээр олборлож байгаа нь байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолсон юм.
Төслийн хүрээнд:
- Усны сан бүхий газар болон түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх,
- Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах,
- Иргэд гомдол, мэдээлэл гаргасны дагуу нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах
зэрэг өөрчлөлтийг тусгажээ.
Ингэснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэхийг хууль санаачлагчид онцолсон бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.
Сэтгүүлч Х.Бямбадалай
Улс төр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.
Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ”-ыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Улс төр
Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ дээрхи төслийн зорилго, шинэчлэлтийн чиглэл, хиймэл оюун ухааны ашиглалт зэрэг олон чухал сэдвийг чухалчиллаа. Тэрбээр төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхэд технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахыг онцгойлон тэмдэглэж, эдийн засаг, хууль эрх зүйн байдалд хиймэл оюуныг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн бөгөөд цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахын тулд хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, зөрчилдөөнийг илрүүлэн, зохих засварыг хийхээр бэлтгэсэнийг хэллээ. Түүнчлэн, govstack шийдэл нь төрийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, бодит үр дүнд хүрэхэд онцгой ач холбогдолтой болохыг онцолжээ.
Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, технологийн дэвшлийг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зорилготой бөгөөд шинэ санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй ажээ.
Сэтгүүлч Х.Бямбадалай
-
Нийгэм7 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм7 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ



