Connect with us

Улс төр

Б.Энхбаяр: Эрүүгийн хуулийг дуртай яам нь хийдэг болсон юм уу?

Published

on

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.15) хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газрас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоод байгаа юм. Хэрвээ энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлбэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Тэр бүү хэл сурталчилсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заагаад буй.

Эл төслийг хэлэлцэх шатанд Байнгын хорооны гишүүд “Хууль дагуулж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар орж ирсэн энэхүү төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүйгээс эхлээд олон асуудал байгаа тухай хөндлөө.

Мөн ажлын хэсгээс дараах санал дүгнэлт гаргасан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “…төлбөрт таавар, бооцоот тоглоом цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно…” гэсэн агуулгатай 20 дахь заалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйл буюу “Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ” гэсэн зүйлд нэмэхээр хуулийн төсөлд тусгасан нь хууль зүйн техник болон хууль хоорондын нийцлийг хангаж байгаа эсэх, тодорхой үйл ажиллагааг эрхлэхийг хориглох зохицуулалтад уг хуулийн зорилтод нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргуулах нь шаардлагатай гэв. Түүнчлэн тодорхой салбарын хуулиар, эсвэл бие даасан аль нэг хуулиар хориглоогүй аливаа харилцааг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор нэмж хуульчлах нь эрх зүйн хувьд сөрөг үр дагавартай бөгөөд гэмт хэрэгт тооцох үйлдлийг бүрэн тодорхойлж зохицуулаагүй байдал нь аливаа этгээдийг хэлмэгдүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл ял завшуулах эрсдэлийг үүсгэж болзошгүй хэмээн ажлын хэсэг үзжээ. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл нь хууль зүйн техник, хууль эрх зүйн хувьд зөрчилтэй эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боломжит хувилбарын талаар тус тус хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Эрүүгийн хуульд нэмэлт оруулснаар шинээр гэмт хэргийн зүйлчлэл бий болгож байгаа тул хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах шаардлагатай гэв. Дээр дурдсан хууль зүйн дүгнэлт, холбогдох байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан асуудлаар хуулийн техникийн засварыг хийх, зарим нэр томьёог оновчтой болгох, хууль хоорондын нийцлийг хангах зэрэг асуудлаар зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулан ажиллах шаардлагатай хэмээн танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Засгийн газраас Зөвшөөрлийн хууль дагалдуулж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг парламентын байнгын хороо гүйцээж ажиллах нөхцөл байдал үүсч байгаа нь харамсалтай. Энэ хуулийг хэлэлцэх эсэх асуудал Хууль зүйн байнгын хороогоор ороогүй. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг УИХ -д оруулж ирж байгаа атлаа Улсын Дээд шүүх, прокурор, ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооноос санал аваагүй. Хууль зүй дотоод хэргийн яаманд  Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн байнгын ажлын хэсэг байгаа. Энэ ажлын хэсэг дээр ч яриагүй, яамных нь санал ч байхгүй. Энэ одоо юу болж байгаа юм. Эрүүгийн хуулийг дуртай яам нь хийдэг болчихсон юм уу. Хууль зүй дотоод хэргийн яам бодлогоо баримаар байна. Хэзээ ийм байсан юм. Эрүүгийн хуулийн өөрчлөлт Хууль зүй дотоод хэргийн яамаар  орохгүй УИХ-д орж ирсэн түүх би мэдэхгүй. Улсын Дээд шүүх, прокурорын саналыг авахгүйгээр оруулж ирсэн түүх би мэдэхгүй.

Шүүхийн хуульд Эрүүгийн процессын тухай хуульд Улсын дээд шүүхийн саналыг заавал авна гээд бид биччихсэн. Хуулийн заалт зөрчигдөж байна. Бодлогоо базаж ажилламаар байна.

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-Эрүүгийн хуульд төлбөрт таавар бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг  хориглох тухай оруулж ирж байгаа.  Иргэд гэртээ, албан газар тоглох, малчид нэгнийдээ цуглаад тоглох ийм үед яах вэ гэж асуусан, хуульд хамаарахгүй гэж хэлж байгаа. Гэтэл дагуулж өргөн барьсан Татварын тухай хууль, ААНОАТ болон ХХОАТ дээр энэ төрлийн орлого олохыг тайлагнуулахгүй, энэ төрлийн орлого олох, тайлагнах боломжгүй учраас энэ нь өөрөө хууль бус гээд ороод ирсэн.

Энэ хоёр Онцгой албан татварын хууль дээр байгаа төлбөр тааварт бооцоот тоглоомоос олсон орлогоо тайлагнаж болохгүй болчихоор Монгол Улсын иргэн гадаад улсад казино тоглоод орлого олж болохгүй болчихоод байгаа. Мөн ахуйн чиглэлээр нэгнийдээ тоглосон ч болохгүй. Орлогыг нь зөвшөөрч байгаа бол Татварын тухай хуулиараа орлогоо тайлагнах эрх нь нээлттэй байх ёстой.  Гэтэл ХХОАТ, ААНОАТ дээр аль алиныг нь хорьчихсон, ААНОАТ дээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж орлого олох тусдаа, энэ төрлийн үйл ажиллагаанд оролцож хонжвор хожих орлого тусдаа.  Тус, тусдаа татвар төлөх хувь хэмжээ нь өөр, тайлагнал нь өөр. Гэтэл энэ хуулиар хоёуланг хорьчихож байгаа. Ямар ч төрлийн төлбөрт таавар бооцоот тоглоом мөрийтэй тоглоомоос орлого олж болохгүй гээд хорьчихоор Монгол Улсын иргэн гадаадад, дотооддоо ахуйн чиглэлээр гэж хэлэх юм уу нэгнийдээ тоглоод олсон орлогоо тодорхойлох боломжгүй болчихоор угаасаа хууль бус болчихоод байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Хууль дагуулж Эрүүгийн хуулийг хуулийг оруулж ирж, өөрчилнө гэдэг бол өөрөө ноцтой үр дагавартай. Хууль зүй дотоод хэргийн яам нь дэмжээгүй юм билээ. Дэмжээгүй гэсэн мэдээ надад ирж байна.

Эрүүгийн хууль дээр Хууль зүйн яам нь зөвшөөрөөгүй бол орж ирэхгүй. Хууль тогтоомжийн тухай хуульд оруулж байгаа өөрчлөлтийн ач холбогдол энэ дээр гарч ирж байгаа. Зөвшөөрөөгүй бол орж ирэхгүй. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу заавал ХЭҮК, шүүх, прокуророос хүний эрхэнд халдаж байгаа хуулиуд дээр санал авсан байна. Санал аваагүй бол босго давахгүй шүү гэж заасан. Энийг гишүүд яриад байна.  Энэ байхгүй учраас дараа нь гарах эрх зүйн үр дагаврыг тооцож хэлэх боломжгүй байна.

Ажлын хэсгээс хууль зүйн дүгнэлт гаргая гэсэн санал оруулж ирж байна. Үүнийг дэмжиж байна гэлээ.

Үүний дараа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө дээрх хуулийн төслүүдийн талаар холбогдох байгууллагуудын саналыг авах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Ажлын хэсгийн саналууд дэмжигдсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулах Байнгын хорооны шийдвэрийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлж, мөн хуулийн төслүүдийн талаарх саналыг холбогдох байгууллагуудаас авахаар тогтов.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2795341/

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Published

on

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 12-р сарын 16-ны өдрийн  хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, гишүүдийн 65 хувийн саналаар дэмжлээ.

Хуулийн төслийг санаачлагч Ж.Алдаржавхлан гишүүн Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж буй хайрга, дайргыг Туул голын сав газраас их хэмжээгээр олборлож байгаа нь байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолсон юм.

Төслийн хүрээнд:

  • Усны сан бүхий газар болон түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх,
  • Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах,
  • Иргэд гомдол, мэдээлэл гаргасны дагуу нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах
    зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

Ингэснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэхийг хууль санаачлагчид онцолсон бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

Улс төр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Published

on

Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.

  1. Х.Эрдэм-Ундрах
  2. Ч.Баянжаргал
  3.   Ц.Жавхлантөгс
  4.   Ч.Өнөржаргал

Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ”-ыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Дэлгэрэнгүй

Улс төр

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

Published

on

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ дээрхи төслийн зорилго, шинэчлэлтийн чиглэл, хиймэл оюун ухааны ашиглалт зэрэг олон чухал сэдвийг чухалчиллаа. Тэрбээр төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхэд технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахыг онцгойлон тэмдэглэж, эдийн засаг, хууль эрх зүйн байдалд хиймэл оюуныг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн  бөгөөд цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахын тулд хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, зөрчилдөөнийг илрүүлэн, зохих засварыг хийхээр бэлтгэсэнийг хэллээ.  Түүнчлэн, govstack шийдэл нь төрийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, бодит үр дүнд хүрэхэд онцгой ач холбогдолтой болохыг онцолжээ.

Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, технологийн дэвшлийг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зорилготой бөгөөд шинэ санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй ажээ.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!