Connect with us

Улс төр

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ.
Ингэснээр Бүгд Найрамдах Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон болж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин хөгжиж байгааг сайшаалаа. Хамтын ажиллагааны бүхий л салбарт гарсан томоохон ололт, амжилтыг онцолж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо.
Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд:
Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт зэрэг хоёр талын хамтын ажиллагааны механизм, Парламентын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжих замаар улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлнэ;
Олон талт хамтын ажиллагаа, ялангуяа НҮБ-ын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Итали Улс, Монгол Улс болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд өрнөж буй идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ;
Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ;
Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Италийн Худалдааны агентлаг хоорондын шууд харилцааг бэхжүүлэх замаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ;
Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц, бололцоог ашиглана;
Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ;
Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ. Аюулгүй, сөрөн тэсвэрлэх чадвар бүхий мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ;
Тойрог эдийн засаг, газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ;
Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ;
Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна;
Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ;
Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Европын Холбооны хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Итали Улс дэмжлэг үзүүлнэ;
Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Боловсролын салбар, судалгааны төвүүд, их сургууль, дээд боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэтгэлэг олгох боломжийг нэмэгдүүлнэ;
“Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.
Манай улс Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай.
Америкийн Нэгдсэн Улстай “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоогоод байна.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Published

on

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 12-р сарын 16-ны өдрийн  хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, гишүүдийн 65 хувийн саналаар дэмжлээ.

Хуулийн төслийг санаачлагч Ж.Алдаржавхлан гишүүн Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж буй хайрга, дайргыг Туул голын сав газраас их хэмжээгээр олборлож байгаа нь байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолсон юм.

Төслийн хүрээнд:

  • Усны сан бүхий газар болон түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх,
  • Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах,
  • Иргэд гомдол, мэдээлэл гаргасны дагуу нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах
    зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

Ингэснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэхийг хууль санаачлагчид онцолсон бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

Улс төр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Published

on

Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.

  1. Х.Эрдэм-Ундрах
  2. Ч.Баянжаргал
  3.   Ц.Жавхлантөгс
  4.   Ч.Өнөржаргал

Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ”-ыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Дэлгэрэнгүй

Улс төр

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

Published

on

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ дээрхи төслийн зорилго, шинэчлэлтийн чиглэл, хиймэл оюун ухааны ашиглалт зэрэг олон чухал сэдвийг чухалчиллаа. Тэрбээр төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхэд технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахыг онцгойлон тэмдэглэж, эдийн засаг, хууль эрх зүйн байдалд хиймэл оюуныг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн  бөгөөд цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахын тулд хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, зөрчилдөөнийг илрүүлэн, зохих засварыг хийхээр бэлтгэсэнийг хэллээ.  Түүнчлэн, govstack шийдэл нь төрийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, бодит үр дүнд хүрэхэд онцгой ач холбогдолтой болохыг онцолжээ.

Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, технологийн дэвшлийг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зорилготой бөгөөд шинэ санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй ажээ.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!