Connect with us

Нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.

Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч, хурандаа Б.Болор-Эрдэнэ болон холбогдох удирдлагууд төв эмнэлэг, амбулатори, Хордлогын яаралтай тусламжийн төв, хээрийн эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа.

Ард иргэд төдийгүй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмнэлгийн хамт олон, тэдний найдвартай ар тал нь болсон гэр бүлд нь Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.

Эмнэлэгтээ анх удаа зүрхний титэм судсан дотуурх эхо оношилгоо хийн, хоёр удаа амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж, цаашид бусад мэс заслыг шинээр нутагшуулах гэж байгаа нь ард иргэд, цэрэг дайчдын эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт оруулж буй томоохон ахиц дэвшил гэдгийг тэмдэглэлээ.

Цар тахлын жилүүдэд эмнэлгийн хамт олон өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Мөн “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хоорондоо нягт уялдаатай үндэсний гурван хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ.

Цаашид эмч, ажилтнуудаа бэлтгэх, давтан сургах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, иргэдийг өвдсөн хойно нь эмчлэх бус, өвдөхөөс урьдчилан сэргийлэх, түүний дотор нийтийн биеийн тамир, спортоор хичээллэхийн ач тусыг хүн бүрт сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр манлайлан ажиллахыг хүслээ.

Тус эмнэлэг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Удирдлага, Штаб, Эмнэлэг анги, Поликлиник, Ар тал, хангалтын албатай.

Улсын хэмжээнд галт зэвсэг, хутга мэсний гэмтэл, төрөл бүрийн хордлогын яаралтай тусламж үзүүлдгээрээ улсын чанартай бусад томоохон эмнэлгээс ялгардаг.

2025 оныг “Үг бүрт хандлага-Үйлдэл бүрт чанар” уриан дор эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил болгон ажиллаж байна.

Цэргийн төв эмнэлгийн 1,200 гаруй эмч, мэргэжилтэн НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бөгөөд цэргийн баг нь одоо ч Бүгд Найрамдах Өмнөд Судан, Ливанд үүрэг гүйцэтгэж байна.

Эмнэлгийн алба хаагчид мөн Турк Улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцсон юм.

Цэргийн төв эмнэлэг 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар  байгуулагдсан.

Эмнэлгийн эмч, ажилтнууд Халхын голын дайн, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож, галын шугамаас өвчтөн, шархтнуудыг татан гаргах, цэрэг дайчдыг эмчлэх, хээрийн эмнэлгүүд байгуулах, шаталсан эмчилгээ хийх зэргээр төр, засаг, цэргийн дээд командлалаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлж байсан түүхтэй.

Эx Сурвалж: President.mn

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Published

on

By

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймэр, ослын дуудлага, аврах ажиллагааны дүн нь аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг дахин харууллаа. Тодруулбал нийслэлийн хэмжээнд нийт 38 удаагийн осол, гал түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд алба хаагчид хариу үйлдэл үзүүлж, нэг иргэнийг эрсдлээс хамгаалжээ.

Энэ хугацаанд бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь гал түймэр, ослын төрөл зүйл байсан юм. Тодруулбал гал түймрийн 36 дуудлага, аврах ажиллагааны 2 дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас нэг иргэний амь насыг авран хамгааллаа.

Энэ тоо баримт нь нийслэлийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хийгдэж буй онцгой анхаарлыг илтгэж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын хариуцлага, чадварын өндөр түвшинг баталгаажуулж байна. Мөн, үүрэг гүйцэтгэж байх үеийн тохиолдол бүр нь зөвхөн нэг иргэний амь насыг аврах төдийгүй улсын эдийн засгийн хувьд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө, өмчийг аврах үйл ажиллагаа явуулжээ.

 Эдгээр үйл явдлууд улс орны аюулгүй байдлын салбарт тулгамдаж буй асуудлыг харуулж, иргэдийн оролцоо, сургалт, сэрэмжлүүлгийн чухлыг тодотгож байна.

Иймд нийслэлийн удирдлага, онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цогц бодлого, техник, технологийн шинэчлэлтийг цаашид ч өргөжүүлэн, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг онцолсон бөгөөд энэ салбарын сургалт, дадлага, онцгой байдлын үед авах арга хэмжээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх нь ирээдүйн аюулгүй байдлын үндэс болно.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй

Нийгэм

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Published

on

Нэгдсэн Үндэстний Байгууллага арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болгон албан ёсоор тэмдэглэхээр боллоо. Энэхүү шийдвэр нь түрэг хэлтэн ард түмний хэл шинжлэл, соёлын өвийг онцлон таниулахын зэрэгцээ ЮНЕСКО-гийн олон хэл, соёлын олон янз байдлыг хүндэтгэх амлалтыг бататгаж буй хэрэг юм.

Тус өдрийг сонгосон нь хэл шинжлэлийн түүхэн чухал үйл явдалтай холбоотой бөгөөд  1893 оны арванхоёрдугаар сарын 15-нд Данийн хэл шинжлэлийн эрдэмтэн Вилхельм Томсен түрэг хэлний бүлгийн хамгийн эртний бичмэл дурсгалуудын нэг болох Орхоны бичээсний цагаан толгойг тайлснаа зарласантай холбоотой бөгөөд энэхүү нээлт нь Евразийн өргөн уудам бүс нутагт тархсан түрэг угсаатнуудын түүх, соёл, хэлний уялдаа холбоог шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлах боломжийг нээсэнд тооцогддог.

Өнөөдөр түрэг хэлний бүлэгт багтдаг азербайжан, казах, киргиз, турк, туркмен, узбек зэрэг хэл нь 200 сая гаруй хүний төрөлх хэл бөгөөд ойролцоогоор 12 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт тархан хэрэглэгдэж байна. ЮНЕСКО эдгээр хэлийг баялаг бичгийн өв, аман уламжлалтай, олон улс оронд соёлын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болдгоор нь онцолжээ.

Түрэг хэлний бүлгийн өдрийг тунхаглах санаачилга нь Азербайжан, Казахстан, Киргиз, Турк, Узбекистан улсуудын хамтарсан хүсэлтийн үндсэн дээр хэрэгжиж, нийт 21 гишүүн улс дэмжсэн байна. Энэ нь хэл шинжлэлийн олон янз байдлын үнэ цэнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч буйг илтгэж байна.

ЮНЕСКО-гийн мэдээлснээр, энэхүү өдөр  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71/328 дугаар тогтоолд тусгагдсан олон хэлний бодлоготой нийцэх бөгөөд жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-нд түрэг хэл, аман уламжлалыг хамгаалах, судлах, сурталчлах мэдлэг олгох хөтөлбөр, эрдэм шинжилгээний арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах юм.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

Нийгэм

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

Published

on

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн “Сонирхолтой статистик” цэсний мэдээллээр  2025 онд Монгол Улсад мэндэлсэн хүүхдүүдийн нэрсийн хамгийн түгээмэл жагсаалтыг гаргасан байна.

Хөвгүүдэд хамгийн түгээмэл нэрс:

Тэнүүн

Хангай

Тогтуун

Эрхэс

Батмагнай

Охидод хамгийн түгээмэл нэрс:

Амин-Эрдэнэ

Амингоо

Анхилуун

Гэгээлэн

Сондор зэрэг нэрсийг хүүхдүүддээ хамгийн олон өгчээ.

Мөн Монголын түүхэн нэртэй хүмүүсийн нэрс одоо ч ихээр хэрэглэгдсээр байгаа бөгөөд жишээ нь:

Есүхэй (769 бүртгэлтэй)

Чингис (701 бүртгэлтэй)

Хасар (354 бүртгэлтэй)

Цэдэнбал (320 бүртгэлтэй)

Өгөдэй (261 бүртгэлтэй)

Тэмүүжин (8,429 бүртгэлтэй)

Бөртэ (891 бүртгэлтэй)

Мандухай (1,185 бүртгэлтэй)

Мухулай (49 бүртгэлтэй)

Боорчи (126 бүртгэлтэй)

Зэв (97 бүртгэлтэй)

Жамух (50 бүртгэлтэй)

Мөн онцлох зүйлсийн нэг нь Тоорил болон Сорхоншар нэртэй иргэн тус бүр нэг бүртгэлтэй байгааг дурдсан байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!