“Төгрөг нуурын орд”-той холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж буй. Х.Баттулгын зүгээс тус орд өөртэй нь холбоотойг тогтоовол төрд өгнө гэсэн. Тэгвэл эл асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудастаа “Х.Баттулга гуай та Төгрөг нуурын орд минийх юм бол төрдөө өгье гэжээ. Та тоглоод байна уу, тохуурхаад байна уу. Та өнөөдөр Төгрөг нуурын эзэн биш. Та оффшорт 250 сая доллараар зарчихсан шүү дээ. Та өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн. Өндөр үнээр зарчихаад лицензийг нь Монголд үнэгүй болгоод оруулаад ирсэн. Өрмийг нь хамахдаа үртсийг нь ч монголчууддаа үлдээгээгүй. Татвар хураамж огт төлөөгүй. Мөнгө угаасан, татвараас зугтсан, авлигын гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн 1000 гаруй хуудас нотлох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн.
Сингапур, Хонгконг, Монголын албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээний хамт хүргүүлсэн. Хууль шүүх үнэн мөнийг дэнсэлнэ. Таныг өнөөдөр эзэн нь учраас Төгрөг нуурын ордыг буцааж өгөөч гэж гуйгаагүй. Монголын баялгийг монголчуудад ямар ч өгөөжгүйгээр оффшор дамнуулж зарсныг чинь хууль шалгаж, олон нийт анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя. Монголчууд тэнэг биш. Монголчууд Таны тохуурхал биш” гэв.
